2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Өнөөдөр эх орны минь ирээдүй, суралцах их хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн энхрий бяцхан хүүхэд багачууд, оюутан залуус, сурган хүмүүжүүлэх их үйлсийн эзэд эрдэмтэн багш нар, боловсролын салбарын нийт албан хаагчид, эцэг эхчүүдийн баярын өдөр. Энэ хичээлийн жилд Дундговь аймгийн хэмжээнд 21 ЕБС-д 8700 сурагч, политехникийн коллежид 530 оюутан сурагчид суралцах бол нэгдүгээр ангид 989 сурагч элсэн орж хичээлийн шинэ жилийг угтаж байна.
Энэ өдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр нар зарим сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, мэндчилгээ дэвшүүлэн, хүний хөгжлийг дэмжих жилийн хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлсэн ажил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулснаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн заллаа.
Дундговь аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөр, “Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарт шинээр 1 сургууль, 3 цэцэрлэг, 1 дотуур байрыг улсын төсвийн хөрөнгөөр барихаар шийдвэрлүүлсэн. Мөн энэ онд 1 дотуур байр, 2 сургууль, 1 спорт заалны барилгын ажил гэсэн томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж байна. Хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан энэ жил 1-р ангид элсэн орж байгаа бяцхан хүүхдүүдэд Дундговь аймагт баригдаж буй “Ид шидийн орон”-ы ах эгч нараас нь хичээлийн формын цамц бэлэглэсэн юм. Мөн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон болон салбартаа манлайлан ажиллаж буй багш, сурагчдыг шагнаж урамшууллаа.
Ачит багш, алдрай бяцхан сурагчдадаа хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье.