Дундговь аймаг, MERIT төслийн хамтын ажиллагааны хүрээнд гэрээ хэлэлцээрийг сайжруулах, албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор гадны улсаас хоёр зөвлөхийг урьж ирүүлэхээр төлөвлөсний дагуу хоёр дахь ээлжийн зөвлөхөөр Канад улсын зөвлөх Жоан МкЭвэн Дундговь аймагт хүрэлцэн ирж Засаг даргын орлогч М.Анхбаяр, MERIT төслийн аймаг дахь төслийн ажилтан Ө.Удвал, ХБТХОХ-ийн байгаль орчин, аялал жуулчлал, эрдэс баялаг, уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтэн М.Ганчимэг нартай уулзалт хийлээ. Тэрээр Дундговь аймагт ажиллаж орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулахад оролцдог албан хаагчдад сургалт, зөвлөгөө хүргэн ажиллах юм.
Энэхүү үйл ажиллагааг MERIT төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд MERIT төсөл нь төсөл хэрэгждэг аймгуудын уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэй байгуулдаг “Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ”-г сайжруулах, уул уурхайн үйл ажиллагаанаас орон нутгийн иргэдийн хүртэх үр шимийг нэмэгдүүлэх, улмаар орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж ажилладаг. Уг ажлын хүрээнд орон нутаг, аж ахуй нэгжийн хамтран ажиллах гэрээний үр дүнг нэмэгдүүлэх, гэрээний хэлэлцээр хийх, гэрээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх сэдвээр чадавх бэхжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээг үзүүлнэ.