Аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ, ХХААГ-ын дарга Ж.Мөнхжаргал, аймгийн ОБГ-ын дарга Я.Алтанхундага, БОАЖГ-ын дарга Н.Гантулга нар өчигдөр улсын онцгой комиссод очиж сонсгол мэдээлэл хийж хүсэлт тавьсны дагуу ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, Хурандаа Б.Мандахгэрэл, Улсын мал эмнэлэг үржлийн газрын мал эмнэлгийн тасгийн дарга. н.Цолмон нараар ахлуулсан бүрэлдэхүүн Дундговь аймагт ажиллаж байна. Өнөөдөр өглөө тус бүрэлдэхүүн болон Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдын Засаг дарга нарыг оролцуулан аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хурал хийлээ. Хурлаар дээр дурьдсан гурван суманд гарсан Шүлхий өвчний нөхцөл байдлыг хэлэлцэн гурван сумын нутаг дэвсгэрийг хамран тархсан шүлхийн өвчинтэй тэмцэхэд шуурхай арга хэмжээ авч ажиллахаар боллоо. ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Б.Ууганбаяр шүлхийгээр өвчилсөн малыг утгас, устгалын цэгийг тогтоох, зээр болон эрүүл бүсийн малд тандалт судалгааг дахин хийх, хөдөлгөөнт постуудын үйл ажиллагаа, голомтонд байгаа хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, отор нүүдлийн судалгааг нарийвчлан гаргаж отроор ирсэн өрхийн судалгааг холбогдох аймгуудруу мэдээллэх, отор нүүдлийг нэмж оруулахгүй зогсоох, Дэлгэрхангай суманд зээрэнд тандалт хийж нөхцөл байдлыг тогтоох, малчдад хариуцлагын мэдэгдэл, хөрш зэргэлдээ сумдуудад сэрэмжлүүлэг мэдэгдэл хүргүүлэх, вакцинжуулалтыг төлөвлөгөө гаргах, голомтонд байгаа хүн амын, өрхийн хүнс тэжээлийн нөөцийг судлах, уул уурхайн тээвэрлэлт зогсоох, хяналт тавих зэрэг асуудлыг эхний ээлжинд хийхээр төлөвлөлөө. Мөн удирдлагын байр гаргаж 24 цагаар жижүүрлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.