БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас “Хятад, Монголын найрамдал” сэдэвт цахим форум зохион байгууллаа.
Тус цахим форумд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Түвшинжаргал, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Н.Гантулга, Нийгмийн бодлогын хэлтсийн Боловсрол, гэр бүл, хүүхэд, залуучуудын бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Хандмаа нар оролцлоо.
Уг форумыг БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Ли Яньжюнь нээж цар тахлын нөхцөл байдал сайжирсныг дагаад консулын тойргийн ард түмэнтэй илүү гүнзгий харилцаж, урьдын уламжлалт харилцаагаа хадгалахын сацуу хамтын ажиллагааны арга барилаа шинэчлэн цар хүрээгээ өргөжүүлж олон үйл ажиллагаанд хамтран ажиллахад бэлэн болохоо илэрхийлсэн юм.
Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр Ерөнхий консулын газрын хамтын ажиллагаа болон хоёр улс дипломат харилцаа тогтоосны 73 жилийн ой тохиож байгаад талархал илэрхийлэн хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлж, боловсрол, соёл, иргэд хоорондын цаашдын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн бүхий л хэлбэрээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.