Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй Монгол улсад хэрэгжиж буй MERIT төслийн дэмжлэгтэйгээр Эрдэнэс Силвер Ресурс ХХК хариуцан хэрэгжүүлэх “Салхитын хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн талаар иргэдэд мэдээлэл өгөх нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Гурвансайхан сумын Засаг даргын Тамгын газартай хамтран 2022 оны 9 дүгээр сарын 28,29-ны өдрүүдэд тус суманд зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгийг Засаг даргын орлогч М.Анхбаяр нээж Канадын төслийн баг, Эрдэнэс Силвер Ресурс ХХК мөн төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж буй уг төсөл нь Монгол улсын уул уурхайн салбарт уурхайн хаалтыг эртнээс төлөвлөх, төлөвлөлтийн үйл явцад нутгийн иргэдийн санал, хэрэгцээ, цаашлаад аймаг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтийг уялдуулах сайн туршлагыг бий болгох зорилгоор Дундговь аймгийн жишиг Гурвансайхан сумын нутгаас эхэлж байгаад талархал илэрхийлэн төслийн багийнханд амжилт хүслээ.
Мөн хаалтын төлөвлөгөө боловсруулж буй Канад болон үндэсний зөвлөхүүдийн баг Салхитын уурхайн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан бөгөөд Гурвансайхан сумын иргэд уурхайн хаалт гэдэг нь уурхайг одоо хаах асуудал биш 10 жилийн дараа уг уурхай хаах болоход бидний өнөөдрийн санал ямар чухал болохыг ойлгож хаалтын төлөвлөгөө боловсруулж буй зөвлөх багийнхнаас асуулт асууж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн арга хэмжээ болж өнгөрлөө.
Уг арга хэмжээнд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газын хамт олон өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан иргэдэд нэг цэгийн үйлчилгээ болон бичил үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлэгч явуулын ахуйн үйлчилгээг хүргэж хамтран ажиллалаа.