БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор Дундговь аймаг байгуулагдаж, 1942 оны эхээр аймгийн төр захиргааны байгууллагуудыг байгуулсны дотор аймгийн Прокурорын газар 6 орон тоотой байгуулагдаж эдүгээ 80 жилийн ой тохиож байна. Ийнхүү аймгийн Прокурорын газар үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг угтсан хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд болон Прокурорын байгууллагын үе үеийн ахмадууд, албан хаагчид оролцлоо.
Засаг даргын орлогч М.Анхбаяр төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүний эрх, эрх чөлөө, олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрхэм үйлсэд хөдөлмөр зүтгэл, мэдлэг оюунаа зориулан ажиллаж ирсэн Прокурорын байгууллагын үе үеийн ахмадууд, тэдний үйл хэргийг нэр төртэй залгамжилж яваа эрхэм прокурор, ажилтан албан хаагчдад баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж төр, ард иргэдийнхээ өмнө хуулиар хүлээсэн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирсэнд талархал илэрхийлэн Засаг даргын хүндэт тэмдгээр нягтлан бодогч Х.Ганчимэг, Засаг даргын Жуух бичгээр туслах ажилтан Г.Дэлгэрзаяа нарыг мөн эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан албан хаагчдыг Дундговь аймгийн 80 жилийн ойн медалиар шагнаж урамшууллаа.
Мөн энэ үеэр Дундговь аймагт Прокурорын байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан спортын 3 төрөлт тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдын шагналыг гардуулсан юм.
Нийгмийн шударга ёсны баталгаа болсон та бүхэндээ ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.