Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газраас “Бага олимп – 2023”-ыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Тэмцээнд 14 сумын 654 тамирчин спортын оролцож, шагайн харваа, сагсан бөмбөг, волейбол, шатар, даам, буудлага, ширээний теннис, бадминтон, дартс зэрэг есөн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Нээлтийн ажиллагаанд Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат нар оролцов.
Дундговь аймаг нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор найман удаагийн улсын чанартай уралдаан, тэмцээнийг зохион байгуулаад байна.
Түүнчлэн Биеийн тамир, спортын газрын Сагсан бөмбөгийн дасгалжуулагч О.Буянтогтох 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах U-18, U-23 насны тэмцээнүүдэд Монгол улсын шигшээ багийн дасгалжуулагчаар, Монгол улсад болсон Зүүн азийн наадамд 3х3 эрэгтэй эмэгтэй баг, 5х5 эрэгтэй улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж, нэг алт, хоёр мөнгөн медаль, Эрдмийн далай цогцолбор сургуулийн тамирчин Эрдэнэсүхийн Анхзул Волейболын улсын шигшээ багаас мөнгөн медаль, Таеквондогийн тамирчид Солонгос улсад болсон олон улсын хүүхдийн наадамд Дундговь аймгийн 7 тамирчин оролцож, давхардсан тоогоор 6 алт, 2 мөнгө, 5 хүрэл нийт 13 медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.