АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Хүмүүнлэгийн туламж үзүүлэх товчооны буцалтгүй санхүүжилтээр Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн удирдлагууд болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Хүмүүнлэгийн туламж үзүүлэх товчооны Хөдөө аж ахуйн зөвлөх Рекс Укаежиофо, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Грантын төслийн менежер Д.Болатек, Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төслийн мал эмнэлгийн мэргэжилтэн Ж.Буянмандах, мэргэжилтэн Б.Түмэнжаргал нар Эрдэнэдалай, Сайнцагаан сумдад айлчиллаа.
Уг айлчлалаар Эрдэнэдалай суманд хэрэгжиж буй малын тэжээлийн ургамал тариалах бичил төслийн үйл ажиллагаатай танилцаж, сумын Засаг дарга, Хөдөө аж ахуйн мэргэжилтэн болон “Далайн шим” малчны бүлгийн гишүүдтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцон, зөвлөмж өгч, төслийн хэрэгжилт болон орон нутгийн хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.
Эрдэнэдалай сумын Засаг дарга Б.Лхагвамандал болон Засаг даргын Тамгын газар нь “Далайн шим” бүлгийн үйл ажиллагааг дэмжиж 5га газрыг олгосон юм. Энэхүү 5га газрыг “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн дэмжлэгтэйгээр хашаалж, энэ жилийн хувьд 1га талбайд туршилтаар малын тэжээлийн ургамал тариалж ургацаа хураан аваад байна.
Мөн төслийн хамтрагч байгууллагууд болох Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газрын төлөөллүүдтэй уулзаж, төслийн хүрээнд гарсан үр дүнг хуваалцан, цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны талаар санал солилцжээ.