Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус үйл ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, дэд Ерөнхийлөгч М.Баасанбат, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Баясгалан, О.Санчирбал, өмгөөлөгч Т.Энхбаяр, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Отгонсүрэн, Дундговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын төлөөлөл болон Дундговь аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн өмгөөлөгчид оролцов.
Санамж бичгийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг жигд, хүртээмжтэй хүргэх зорилгоор Мандалговь хотод “Эрх зүйн үйлчилгээний нэгдсэн төв” байгуулах талаар судлан, зохих арга хэмжээг авч ажиллах, Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийг байртай болгох үүднээс дэд бүтэцтэй холбогдох боломжтой газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх, аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар болон Шүүхийн байранд өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, зөвлөгөө мэдээлэл өгөх өрөөний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, цагдан хорих баривчлах түр саатуулах байранд өмгөөлөгчтэй уулзах уулзалтын өрөөг зохих стандарт шаардлагад нийцүүлэх, ерөнхий боловсролын сургуулиудад хууль эрх зүйн мэдлэг олгох сургалт зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа асуудлуудаас урьдчилан сэргийлэх талаар хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон уулзалтад оролцсон байгууллагууд санамж бичигт тусгагдсан, өөрсдийн чиг үүрэгт хамаарах асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.