Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, Маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд 2023 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчид эр цэргийн тангаргаа өргөв.
Тангараг өргөх ёслолд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан оролцож, аймаг орон нутгаас татагдан ирсэн цэргүүддээ баяр хүргэн, амжилт хүсэж, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын мэндчилгээг уламжлан, гарын бэлгийг гардуулсан юм. Мөн зэвсэгт хүчний 016 дугаар ангийн удирдлагуудад хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардуулжээ.
Түүнчлэн энэ үеэр үзэж сонирхохоор байлдагчдын аав, ээж, ахан дүүс, найз нөхөд нь хүрэлцэн ирсэн байлаа. Хугацаат цэргийн алба хаагчид алс холоос хүрэлцэн ирсэн эцэг, эхдээ гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, урлагийн тоглолт зэргийг үзүүлж, бэлэг барьжээ.
Эр цэргийн тангаргаа өргөж эх орны хүү болсон дайчдадаа дуу хуур, өв соёлын өлгий болсон аймаг орон нутаг, аав, ээжийнхээ алдар нэрийг өндөрт өргөж эр цэргийнхээ албыг нэр төртэй хаахыг хүсэн ерөөе.
Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадраг.