Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хоёрдугаар хурал есөн гишүүний ирцтэй танхимаар хуралдаж, 12 асуудлыг хэлэлцэв.
Хурлаар Аймгийн хошой аварга малчин өрх, аварга малчин өрх, саальчин, тэмээчин, тариаланчдыг шалгаруулж, “Улсын хошой аварга малчин”, “Улсын аварга малчин өрх”-д хүндэтгэл үзүүлэх, хурдан морь уяачдад “Аймгийн Алдарт уяач” цол олгох тухай тус тус хэлэлцлээ.
Мөн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан болон 90-с дээш настай ахмад наснуудад хүндэтгэл үзүүлэхэд шаардлагатай төсвийг хэлэлцэн, баталсан байна. Аймгийн Засаг даргын санаачилгаар хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, дэмжих зорилгоор “Хүүхэд хөгжил сан”-г бий болгох хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, санг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах түүнд хяналт тавих журмыг хурлаар баталсан юм.
Түүнчлэн “Ахмадад ээлтэй байгууллага”-ыг шалгаруулах, Сумдын ахмадын хороонд урамшуулал олгох тухай зэрэг асуудлыг шийдвэрлэжээ.