Төсвийн тухай хуульд заасан цаглаврын дагуу төсөв захирагч нарын 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн хэрэгжилтэд аудит хийх ажил эхэлж нээлтийн хурлыг Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас энэ сарын 25-нд зохион байгууллаа.
Монгол улсын Ерөнхий аудиторын баталсан “Санхүүгийн тайланд баримтлах ерөнхий чиглэл”-ийн хүрээнд өөрийн аймгийн төсөв захирагч нарын онцлогт тохируулсан “Санхүүгийн тайлангийн аудитад баримтлах чиглэл”-ийг Төрийн аудитын байгууллагын болон хувийн аудитын хуулийн этгээдийн аудиторууд холбогдох албан тушаалтнуудад танилцуулж санал солилцов.
Хурлын үеэр 2023 оны санхүүгийн тайлангийн аудитыг Дундговь аймгийн Төрийн аудитын газар болон гэрээт Си Пи Ти Эй аудит ХХК, Саруул Баян-Уул аудит ХХК, Их наяд аудит ХХК нар хийж гүйцэтгэх юм байна.
Энэ онд санхүүгийн тайлангийн аудитад нийт 208 байгууллага хамруулж, 124 байгууллагын санхүүгийн тайланд санал дүгнэлт өгч, 84 байгууллагын санхүүгийн тайланг үе шатны ажлыг хэсэгчлэн гүйцэтгэх төлөвлөгөөтэй аж.