ХVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдааныг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, аймгийн Үндэсний бөхийн холбоо, Дундговь аймгийн бурхан шашинтны төв Дашгэнпэллин хийд, “Амгалан дэлгэрэх” төв хамтран зохион байгууллаа.
Сар шинийн барилдаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Баярсайхан, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Түвшинжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Отгонбаатар аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Х.Баттөр, тэргүүлэгч, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, тэргүүлэгч Арбор ХХК-ийн захирал М.Намжилцэрэн нар оролцож, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат барилдааныг нээж үг хэлсэн юм.
Үндэсний бөхийн барилдаанд Улсын начин А.Алтанхуягаар манлайлуулсан 48 бөх барилдсанаас Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат Аймгийн арслан Б.Доржсүрэн түрүүлж, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Аймгийн харцага Ч.Чойжилсүрэн үзүүрлэсэн бол Их шөвгийн гуравт Эрдэнэдалай сумын харьяат Аймгийн арслан Д.Энхболд шалгарав.
Өсвөрийн бөхийн барилдааныг Авто тээврийн төвийн дарга, Аймгийн арслан Ц.Хүрэлбаатар ивээн тэтгэн, зохион байгуулсан бөгөөд тус барилдаанд Хулд сумын өсвөрийн бөх, шонхор Э.Амьдрал түрүүлж, Адаацаг сумын өсвөрийн бөх, шонхор Э.Очирваань үзүүрлэжээ.
Мөн Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Эрдэнэдалай сумын харьяат, залуу бөх Г. Лхамжав, Уран барилдааны шагналыг Баянжаргалан сумын харьяат, аймгийн заан Б.Анандпүрэв, Улсын цолонд ойрхон бөхийн шагналыг Хулд сумын харьяат, аймгийн заан М.Баттүвшин нар тус тус хүртсэн байна. Шагналыг ивээн тэтгэж, хамтран ажилласан Дундговь аймгийн Бурхан шашинтны төв Дашгэмпэллин хийд, "Амгалан дэлгэрэх" төвийн хамт олонд талархал илэрхийлье.