XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан аймгийн Засаг даргын нэрэмжит говийн бүсийн Шагайн харвааг өнөөдөр Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулж байна. Шагайн харваанд 42 багийн 330 гаруй харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байгаа юм.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Монголын Шагайн харвааны холбооны ерөнхийлөгч, Монгол улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяр, Дундговь аймгийн Шагайн харвааны салбар зөвлөлийн тэргүүн Монгол улсын Хошой мэргэн Ц.Отгонбаяр, Дундговь аймгийн Биеийн тамир спортын газрын дарга, Аймгийн гарамгай мэргэн А.Отгонбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Энэ үеэр болзол хангасан харваачдад “Аймгийн гоц мэргэн”, “Аймгийн хошой мэргэн” цол, зэргийг гардуулжээ.
“АЙМГИЙН ГОЦ МЭРГЭН” ЦОЛЫГ
- Жумрайн Мөнхөө – Өлзийт
- Дашнамжилын Баттөгс – Сайнцагаан
- Төгсийн Отгонбаяр – Өлзийт
- Батмөнхийн Хатанбаатар – Дэлгэрцогт
- Галбаатарын Төрмөнх – Говь-Угтаал
“АЙМГИЙН ХОШОЙ МЭРГЭН” ЦОЛЫГ
- Батбаатарын Уугантөмөр – Сайнцагаан
- Даансүрэнгийн Сүрэнжаргал – Сайнцагаан нар тус тус хүртэв. Түүнчлэн Монгол улсын “Хүндэт харваач” цолоор Монгол улсын Хошой мэргэн Галсангийн Тулга шагнуулсныг өнөөдөр гардуулсан байна.