Мэдээ, мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт амь, биеэ зориулсан үе үеийн ахмад дайчид, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд Дундговь аймгийн удирдлагууд, нийт ард иргэдийн нэрийн өмнөөс Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 103 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэдэгт тань талархаж байгаагаа илэрхийлье.


Монгол Улсын иргэн болж төрсөндөө ямагт бахархаж, эх орныхоо хөгжил дэвшлийн өнөөгийн гэгээн өдрүүдийг бидэнд авч үлдэхийн төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж, эх орныхоо нэрийг ертөнцийн чихнээ дуурьсгах хүндтэй гавьяа байгуулсан Монгол цэргүүдийнхээ баатарлаг үйлсийг дурсах, тэдний үйл хэргийг үргэлжлүүлэх, залуу хойч үедээ залгамжлуулах зорилгоор Монгол цэргийн өдрийг тэмдэглэж ирсэн түүхтэй билээ.


Нутгийн захиргааны байгууллагаас “Батлан хамгаалах багц хуулиудыг албан хаагчдад болон иргэдэд сурталчлах”, өсвөр үеийнхнийг цэрэг эх-оронч үзэлтэй иргэн болж төлөвшихөд анхаарч, цэргийн эрдэмд сургах, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох чиглэлээр “Дөл” цогцолбор тэмцээн, цэргийн нормативын аварга шалгаруулах гэх мэт тэмцээн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион явуулж байна. Мөн Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний ойн баярыг угтаж төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулах, нөхөрсөг нийтэч хамт олныг бүрдүүлэх, тэдний бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор спортын олон төрөлт тэмцээн уралдаан, Засаг даргын нэрэмжит Марш тактикийн аварга тасаг шалгаруулах тэмцээнийг тогтмол зохион байгуулж ирсэн. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч буй энэ цаг үед аймаг дахь Зэвсэгт хүчний дугаар байгууламжаас 10 алба хаагч, Зэвсэгт хүчний дугаар ангиудаас гурван нэгж техник, 6 алба хаагч томилогдон тус аймагт ажилласан юм. Тус ажлын хэсэг сумдад 21 хоногийн турш ажиллан, цасанд боогдсон зам харгуйг гаргах, малчдад өвс тэжээл, гурил будаа хүргэх зэрэг ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэнд нийт иргэдийнхээ нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлэхэд таатай байна. Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу иргэдийн үндсэн үүрэг болох цэргийн гэрээт алба, хугацаат цэргийн алба, цэргийн албыг биеэр болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаалгах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг нөхөн хангах, дайчилгааны бэлтгэл нөөцийг давтан сургах зэрэг аймгийн өмнө тавигдсан үүргээ амжилттай зохион байгуулсаар байна.


Энэ дашрамд нутгийн зон олон та бүхэндээ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 103 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЦАГААНХҮҮГИЙН МӨНХБАТ

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа