Энэ оноос эхлэн Улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусгах саналыг улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем /PIMIS/-ээр төлөвлөхөд сумдууд анхан шатанд төлөвлөхөөр журамласан. Иймд Сангийн яамнаас “Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага ба цахим шинэчлэл” чадавх бэхжүүлэх цахим сургалтыг сумдын төлөвлөлт хариуцсан ажилтнуудад энэ сарын 29-нд зохион байгууллаа. Сургалтад 15 сумын 20 албан хаагч оролцов.
Энэ үеэр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газраас сумдын улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт хариуцсан ажилтнуудыг зөөврийн компьютероор хангасныг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат гардуулан өглөө.
Сангийн яамнаас төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, ил тод нээлттэй байдлыг сайжруулах, олон нийтийн оролцоог бий болгож, хүртээмжтэй байх зорилтын хүрээнд 2023 оноос эхлэн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн саналд иргэд, олон нийтийн саналыг авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналд иргэдийн саналыг авч эхэлсэн юм.
Иргэд, олон нийт та бүхэн 2024 оны 3-р сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем /PIMIS/-ийн “төсвийн хөрөнгө оруулалт”, “publicinvestment” гэсэн аппликейшнээр дамжуулан өөрийн харьяа нутаг дэвсгэртээ 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх шаардлагатай төслийн саналаа ирүүлнэ үү.