Мэдээ, мэдээлэл

“БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН СОЁЛЫН ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран “Бүгд Найрамдах Польш Улсын соёлын өдөр”-ийг өнөөдөр Мандалговь хотноо зохион байгууллаа.


Соёлын өдрийг хамтран зохион байгуулахаар Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кшыштоф Бойко энэ сарын 21-ний өдөр Дундговь аймагт айлчилсан бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат нар хүлээн авч уулзав. Уулзалтаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Дундговь аймаг, Польш улсын муж, хот хооронд харилцаа холбоо эхлүүлэх хамтын ажиллагаа ахицтай өрнөж байгааг онцлон, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ үеэр орон нутагт нэн шаардлагатай байгаа боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтнүүд, сурагчдыг Польш улсад сургах, туршлага судлах талаар хамтын ажиллагааг үргэлжлүүлэх саналыг уламжилсан байна. Мөн аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцжээ.




Элчин сайд Кшыштоф Бойко орон нутгийн удирдлагуудын саналыг дэмжин хамтран ажиллах боломжтойг дурдан, Монгол, Польш хоёр улсын орон нутаг хооронд хамтын ажиллагаа эхэлж байгаад талархалтай буйгаа илэрхийллээ.


“Бүгд Найрамдах Польш Улсын соёлын өдөр”-ийн хүрээнд 1244-1246 онд Италийн Плано Карпинитэй хамт Их Монгол улсад айлчилсан анхны европ хүмүүсийн нэг болох Ромын Пап ламын элч, аялагч, польш гаралтай хуварга Бенедикт Полакийн аяллын тухай үзэсгэлэнг дэлгэжээ. Бенедикт Полак нь Хархорумд тухайн үеийн Монголын Их хаантай уулзаж, Карпинитай хамт Пап ламын захидлыг гардуулан өгч байсан тухай баримт энэхүү үзэсгэлэнд тавигдсан бөгөөд тухай үеийн Их Монгол улсын түүхийн талаар мөн харуулсан юм. Түүнчлэн энэ үеэр Варшавын домогт боксчин Тадеуш „Тедди” Пиетшиковскийн түүхээс сэдэвлэсэн “Аварга” киног толилуулсан байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа