Монгол улсад Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд Дундговь аймгийн Биеийн тамир, спортын газар, Дундговь аймаг дахь Монгол банкны салбар хамтран аймгийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээнийг энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгууллаа.
Тэмцээнд аймгийн төрийн байгууллагууд, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд болон сонирхогчдоос бүрдсэн эрэгтэй 10, эмэгтэй 5 баг оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Энэхүү тэмцээн нь гадны тамирчид болон дээд лигийн тамирчдад нээлттэй болсон бөгөөд тэмцээнд Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн нийт 11 тамирчин багуудын бүрэлдэхүүнд орж өрсөлджээ.
Тус тэмцээний эрэгтэй төрөлд Г.Дэлгэрдалай ахлагчтай Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүлэн, алтан цомын эзэд болж, өмнөх жилийн аваргаа баталсан бол дэд байрт Г.Хувьтөгөлдөр ахлагчтай Гурвансайхан сумын баг, гутгаар байрт Ц.Майдар ахлагчтай Эрдэнэдалай сумын баг тамирчид тус тус шалгарсан байна. Эмэгтэй төрөлд Спортын мастер Э.Дуламсүрэн ахлагчтай B&D тэргүүлж, Б.Гантигмаа ахлагчтай Луус сумын баг, Спортын дэд мастер Х.Пүрэвжаргал ахлагчтай Сайхан-Овоо сумын багт тамирчид удааллаа.
Түүнчлэн Шилдэг эрэгтэй тоглогчоор Онцгой байдлын газрын тамирчин, Үндэсний дээд лигийн “Сэлэнгэ бодонс” багийн хамгаалан тоглогч С.Баттөр, Шилдэг эмэгтэй тоглогчоор B&D багийн тамирчин Н.Энхзул нар тус тус шалгарчээ.