Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас сумдын ундны ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын хөтөлбөр, төлөвлөгөөг сайжруулах зорилгоор Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо мэргэжлийн төрийн бус байгууллагатай хамтран энэ сарын 8, 9-ний өдрүүдэд сургалт зохион байгууллаа.
Сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газар, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, Эрүүл мэндийн төвийн дарга, Цэцэрлэгийн эрхлэгч, Сургуулийн захирал, Байгаль орчны мэргэжилтнүүд, мөн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дундговь ус ААТОНӨҮГ, Эрүүл мэндийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Онцгой байдлын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд зэрэг 90 гаруй хүн оролцов.
Тус сургалтаар сумдын удирдлагууд өөрсдийн ус, ариун цэврийн байгууламжийн өнөөгийн түвшин болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн, багаар ажиллаж, өөрийн сумын ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулах арга зүйд суралцлаа.
Дундговь аймгийн хэмжээнд иргэдийн ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуйн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд иргэдийг аюулгүй ундны усаар хангах, бохир усыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр татан зайлуулж, байгальд нийлүүлэх зорилгоор ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулан, ард иргэдийг эрүүл, аюулгүй, ая тухтай амьдруулах зорилго дэвшүүлэн ажиллаж байна.