Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах Дундговь аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны 2024 оны 04 дүгээр сарын 16 ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан.
Аймгийн сонгуулийн хорооны даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, нарийн бичгийн даргаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Г.Хишигдаваа, гишүүдээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Ш.Энхсүх, Цагдаагийн газрын дарга Б.Мөнхбат, Улсын бүртнэлийн хэлтсийн дарга Ж.Өлзийжаргал, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Түвшинжаргал, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Статистикийн хэлтсийн дарга Б.Энхтуяа, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ахлах мэргэжилтэн Ж.Түмэндэлгэр нар томилогдон ажиллаж байна.
Аймгийн Сонгуулийн хороо нь сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах, сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, сум, дүүргийн сонгуулийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллах юм.
Аймгийн сонгуулийн хороо 2024 оны энэ сарын 28-ны өдөр 88,8 хувийн ирцтэйгээр хуралдаж сумын ИТХ-аас ирүүлсэн саналыг үндэслэн сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталлаа.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулинд заасны дагуу Сумын сонгуулийн хорооны даргаар тухайн сумын ЗДТГ-ын дарга томилогдсон бөгөөд сумын сонгуулийн хороодод нийт 77 төрийн албан хаагч ажиллах сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах аж.
Сумын сонгуулийн хороо хэсгийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө (2024 оны 5 дугаар сарын 14-өөс өмнө) дарга болон зургаа, эсхүл найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлнэ гэж хуулинд заасан байгаа.
Сонгогчдын санал авч, тоолох зорилго бүхий сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор нийт 61 хэсгийг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарласан бөгөөд нийт 61 хэсгийн хороо байгуулагдах юм.
Аймгийн Сонгуулийн хороо нь аймгийн ЗДТГ-ын 1 давхрын “Сүлд” танхимд байрлаж байгаа бөгөөд 7059-2548 утсаар холбогдож мөн ”Дундговь аймгийн Сонгуулийн хороо” гэсэн фейсбүүк групп болон аймгийн ЗДТГ, ИТХ-ын фейсбүүк хуудаснаас мэдээ мэдээллийг авч болох юм.