Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Залуучуудын хөгжлийн төвөөс Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдад зориулан “Ирээдүйн эзэд-2024” мэргэжил сонголтын өдөрлөгийг өнөөдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Шүүхийн шинжилгээний хэлтэс, Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран зохион байгууллаа.
Өдөрлөгт Монголын ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөхүүдийн холбооны тэргүүн, ажил мэргэжлийн зөвлөх Ш.Сосорбарам, Монголын хүүхдийн зөвлөлийн тэргүүн М.Бэхбат нар ахлах ангийн сурагчдад оюутан болоход шаардагдах чадвар, сэтгэл зүйн бэлтгэл, мэргэжил сонголтын талаарх зөвлөгөө, мэдээллийг танхимаар, бүлгээр, ганцаарчилсан байдлаар өгсөн юм.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат оролцож, ахлах ангийн сурагчдад сурлагын амжилт хүсэн, боловсролын салбарыг аймаг орон нутгаас бодлогоор дэмжин ажиллаж байгаа бөгөөд цаашид ч боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Тус өдөрлөгт нийт 200 гаруй сурагч оролцож, 15 хүүхэд ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.