Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 278 дугаар байгууламжийн штабын барилгын шав тавих ёслол энэ сарын 1-нд боллоо. Ёслолын ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ, Засаг даргын орлогч М.Анхбаяр, Агаарын цэргийн командлалын штабын дарга хурандаа Б. Энхзоргол, зэвсэгт хүчний 065 дугаар ангийн штабын дарга дэд хурандаа Б.Энхжин, тус байгууламжийн захирагч асан бэлтгэл дэд хурандаа Д.Ганболд, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн захирагч хурандаа П.Мөнхбат болон төрийн цэргийн байгууллагын дарга нар хүндэтгэн оролцсон юм.
Тус ангийн штабын байр нь 1983 онд анх ашиглалтад орж, 2016 онд цууралт өгөн ашиглах боломжгүй болон актлагдан 2018 онд буулгасан аж. Шинээр баригдах гэж буй штабын байрны хөрөнгө оруулалт үе үеийн энхийг сахиулагчдаас цугларсан сангаас 100% бүрдэж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн инженер техник, бие бүрэлдэхүүн барьж гүйцэтгэхээр болсон нь онцлог аж.
Ёслолын ажиллагааг Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 278 дугаар байгууламжийн дарга дэд хурандаа Х.Аскербек нээж үг хэлэн, Монгол Улсын Агаарын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах үүрэгтэй тус байгууламж нь өмнөө дэвшүүлсэн зорилгоо ханган биелүүлэх, ая тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхээр штабын барилгын шавыг тавьсанд бие бүрэлдэхүүн сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.