“Дундговио ногооруулъя” дэд хөтөлбөрийг 2021 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулж, дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд аймгийн Засаг даргын Зөвлөх Л.Доржбатаар ахлуулсан ажлын хэсэг тус хөтөлбөрт хамрагдан үйл ажиллагаа явуулж буй байгууллага, ААНэгж, иргэдийн тариалангийн талбай дээр очиж танилцлаа.
Хөтөлбөрт хамрагдан төслөө амжилттай хэрэгжүүлж, үр шимийг хүртэн жимс, хүнсний ногоо, эрдэнэ шиш, мод, бут, сөөг зэрэг тариалан эрхэлж буй төрийн байгууллага болох Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хот тохижуулах газар, 5-р цэцэрлэг болон ААНэгж, иргэдийн тариалангийн талбай дээр очиж танилцан талархал илэрхийлсэн юм.
Хөтөлбөр хэрэгжих хугацаанд газар тариалан, хүлэмж, хөдөө аж ахуй, жимсний мод тарьж ургуулах, өвөлжүүлэх агротехнологийн сургалтыг иргэдийн хүнсний ногооны аюулгүй байдал, эрүүл хүнсний ногоогоор орон нутгийн хэрэглээг хангах, тариаланчдын өрхийн эдийн засгийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулж байна.
Мөн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хавар, намрын мод тарих аяны арга хэмжээг жил бүр зохион байгуулж, бүх нийтээр мод тарих өдрийг угтан "Дундговио ногооруулъя" үзэсгэлэн худалдааг зохион байгуулан, тарьц суулгац, тасалгааны болон мандлын цэцгийн үр, багаж хэрэгсэл, хүлэмжийн тоног төхөөрөмжийг танилцуулан, худалдаалж, мэргэжлийн байгууллагууд шаардлагатай мэдээлэл, зөвлөмж өгч хэвшээд байна.