“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Монголын уран зургийн галерей, Дундговь аймгийн музейтэй хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Ардын зураач, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ц.Байды зураачийн "ӨГҮҮЛЭМЖ" нүүдлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо.
Ардын зураач, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Урчуудын Эвлэлийн шагналт Ц.Байды нь 2023 онд Ардын зураач цол хүртсэн Монголын шог зургийн “загалмайлсан эцэг” гэгддэг тэрээр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн ажээ. Түүний уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, баяр хүргээд аймгийн “Хүндэт иргэн” – ээр өргөмжилж, цол, тэмдэгийг гардуулан өгөв.
Аймгийн Засаг дарга тус нээлтэд хэлсэн үгэндээ бид бүхэн хүүхэд ахуй цагаасаа эхлэн Ц.Байды зураачийн зурсан зургийг үзэж өссөн бөгөөд нийгмийн тулгамдсан асуудлуудыг шог зургаар чадварлаг илчлэн шүүмжилж ирсэн алдарт зураач гэдгийг онцлоод анхны захирамжаараа нутгийн алдарт зураачийг аймгийн Хүндэт иргэнээр өргөмжилж байгаадаа талархаж буйгаа илэрхийлсэн юм. Мөн түүний уран бүтээлийн амжилтийг өндрөөр үнэлж Хүндэт өргөмжлөл, мөнгөн урамшуулал, дурсгалын зүйл гардууллаа.
Үзэсгэлэнд Монголын уран зургийн галерей, Дундговь аймгийн музей, Дундговь аймгийн Хулд сумын соёлын төв болон зураачийн хувийн цуглуулгаас бүрдсэн шог зураг, уран зургийн бүтээлүүд дэлгэгдэж байгаа бөгөөд нээлтэд хүрэлцэн ирсэн хүндэт зочид үзэж танилцлаа. Хөдөө орон нутагт соёлын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, үзэгчдэд урлагийн боловсрол олгох зорилгоор Өгүүлэмж үзэсгэлэнг 11 дүгээр сарын 01- 07-ны өдрүүдэд Дундговь аймгийн Музейд зохион байгуулна.