Япон улсын ЖАЙКА-ийн Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төслийн дэд удирдагч Акияма Ёшико тэргүүтэй ажлын хэсэг энэ сарын 3-5-ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж байна. Энэ өдрүүдэд Төрийн худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Б.Сүнжидмөнхтэй хамтран Дундговь аймгийн 15 сумын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч, нярав зэрэг 110 орчим албан хаагчдад хоолны худалдан авалтад тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар сургалт зохион байгуулах юм.
Тус ажлын хэсгийг өнөөдөр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр болон холбогдох албаны хүмүүс хүлээн авч уулзлаа. Уулзалтаар төслөөс өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав. Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Сүү” хөтөлбөр болон төслөөс хэрэгжүүлж буй бүхий л үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн цаашид төслийн хоёрдугаар үе шатыг хүнсний бүтээгдэхүүний хагас боловсруулалтыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж, загвар бүс нутгаар Дундговь аймгийг үргэлжлүүлэн сонгох хүсэлтийг хүргүүллээ.
Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал, Говийн-Ирээдүй сургуулиудад үдийн хоолны цэсийг сайжруулах, орон нутагт үйлдвэрлэсэн хүнсний ногоогоор хангах, оролцогч байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хэрэгжиж байна. Мөн төслөөс гарч буй үр дүнг бусад сургууль, цэцэрлэгүүдэд түгээн ажиллаж байна.