Аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Мөнхбат, Байгаль орчны газрын дарга Н.Гантулга, Дундговь-Ус ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Б.Уламбаяр болон холбогдох мэргэжилтнүүдийн хамт Мандалговь хотын ундны усны эх үүсвэр, өргөх насос станц, болон хлоржуулах байгууламжийн үйл ажиллагаа болон өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар санал солилцов.
Аймгийн ундны усны чанар, аюулгүй байдал хүрэлцээ хангамжийн талаар баримталж буй бодлого, түүний хэрэгжилт үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын зөвлөмжийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 15 сумын “Ус ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын хөтөлбөр, төлөвлөгөө”-г боловсруулах, Ундны усанд дүн шинжилгээ хийх, Усны тоо бүртгэлийн ажил, Усны сан бүхий газарт тэмдэг тэмдэглэгээ байршуулах, Олгойн говийн болон аймгийн төвийн усны эх үүсвэрийг камержуулах зэрэг ажлууд хийгдсэн бөгөөд бүх эх үүсвэрийн худгуудын хашаажуулах ажил тендерийн шалгаруулалтын шатандаа явж байна.
Цаашид Мандалговь хотын ундны усны эх үүсвэрийн худгуудыг цагдаагийн байнгын хамгаалалттай болгох, шилэн кабелиар холбох зэрэг ажлын төсөвт өртгийг нэн даруй гаргаж 2025 оны орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж, шийдвэрлэн ажиллахаар болов. Ингэснээр төв суурин газрын хүн ам шаардлага хангасан ундны усны эх үүсвэрээр хангагдах юм. Түүнчлэн ундны усны худгуудыг бүрэн автоматжуулах боломжтой бөгөөд тухайн асуудлыг судалж, танилцуулахыг холбогдох мэргэжилтэнд чиглэл болголоо.