Өнөөдөр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагвабаатар, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал нар Орон нутгийн өмчийн газрын дарга С.Хулангийн хамт аймгийн төвд байгаа төрийн болон орон нутгийн өмчийн барилга байгууламжуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Энэ үеэр ашиглалт, хамгаалалтгүй олон жил орхигдсон, мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан байгууламжуудыг буулгах, орон нутгийн өмчид шилжүүлэх талаар бичгийг холбогдох байгууллагуудад яаралтай хүргүүлэх, зарим засвар үйлчилгээ хийн цаашид ашиглах боломжтой барилгуудын нөхцөл байдалтай танилцан үр ашигтай, хүртээмжтэй ашиглах талаар холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн юм. Аймгийн төв хэсэгт байрлалтай нийтийн бие засах газрыг ашиглалтад оруулахад бэлтгэх ажлыг Мандалын гэгээ ААТОНӨҮГ-ын дарга Д.Очбадрахад үүрэг болголоо.
Мөн Хүмүүнлэг сургуулийн урд байрлалтай нийтийн бие засах газрыг нүүлгэн шилжүүлэхээр болов. Тус ажлын хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяраар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан бөгөөд хуучирсан барилга байгууламжуудыг цэгцлэхээс гадна Мандалговь хотын өнгө үзэмжийг сайжруулах талаар арга хэмжээ авч ажиллана.