Монгол Улсын Их хурлаас Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталж, 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ.
Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд сургагч багш бэлтгэх бүсийн сургалтыг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын Ахмадын холбоо хамтран бүсчлэн зохион байгуулж, говийн бүсийн аймгуудын сургалтыг Дундговь аймагт энэ сарын 13-15 -ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтыг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нээж, Монголын Ахмадын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Гавьяат хуульч Н.Лувсанжав, Нийслэл халамж, үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Туяа нар удирдан явуулав. Сургалтад Дундговь,Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, Аймгийн Ахмадын хорооны дарга, зохион байгуулагч,тэргүүлэгчид, ахмадын эмч, ахмад хариуцсан мэргэжилтэн болон ахмадын төлөөлөл зэрэг 54 хүн оролцсон юм.
Сургалтын үр дүнд орон нутагт ахмад настны тухай хууль, хамт батлагдсан бусад хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил хангагдаж, талуудын оролцоо, хамтын ажиллагаа сайжирч, хуулийн хэрэгжилтэд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн төрийн албан хаагчид болон ахмадын байгууллагын ажилтнуудын шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаарх мэдлэг ойлголт сайжрах аж.