Аймгийн Статистикийн хэлтэс Үндэсний Статистикийн Хороотой хамтран энэ сарын 27-28-ны өдрүүдэд сумдын Статистик хариуцсан ажилтнууд болон багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулж сумдын багийн дарга нар болон төрийн сангийн мэргэжилтнүүд зэрэг 83 хүнийг хамруулж байна.
Сургалтыг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нээж үг хэлэн, Статистикийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан мэндчилгээ дэвшүүллээ.
Сургалтад Үндэсний Статистикийн хорооны Нэгдсэн Статистикийн газрын Хамтын ажиллагаа арга зүйн хэлтсийн ахлах статистикч Т.Алтансүх, Хүн ам, орон сууцны тооллогын хэлтсийн статистикч Б.Уранбилэг, Нийгмийн статистикийн газрын Өрхөд суурилсан судалгааны хэлтсийн статистикч Б.Дэлгэр, "Бид солюшн" ХХК-ны хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Дамдинжав нар оролцож, “Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн шинэчилсэн программ хангамж, жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогын зохион байгуулалт, маягт нөхөхөд анхаарах асуудал, сарын мэдээний уялдаа холбоо, нийгмийн зарим үзүүлэлтийн мэдээний шинэчилсэн маягт, хэрэглээ, ач холбогдол” зэрэг сэдвүүдийн хүрээнд хоёр өдрийн сургалт зохион байгуулах юм.