Өнөөдөр Дундговь аймгийн төрийн байгууллагуудын болон сумдын удирдлагуудын шуурхай хурал болж, хурлыг Засаг даргын Тамгын газар фейсбүүк хуудсаар шууд дамжууллаа.
Хурлын эхэнд аймгийн Засаг даргын захирамжаар батламжилсан Сумдын Засаг дарга нарыг танилцууллаа. Адаацаг сумын Засаг даргаар Жамъянжавын Батхөлөг, Гурвансайхан сумын Засаг даргаар Бандисүрэнгийн Энхтуяа, Дэрэн сумын Засаг даргаар Доржпаламын Жамбалрагчаа, Дэлгэрцогт сумын Засаг даргаар Мөнхсаруулын Баярсүх, Луус сумын Засаг даргаар Баасанжавын Өлзийхишиг, Өндөршил сумын Засаг даргаар Нямын Сэрээтэр, Сайхан-Овоо сумын Засаг даргаар Батмөнхийн Арсланбаатар, Сайнцагаан сумын Засаг даргаар Сүхбаатарын Бат-Оргил нарыг томилсон байна.
Мөн хурлаар энэ сарын 11-ний өдөр зохион байгуулсан шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт болон Дундговийн асуудал - Шийдэл фейсбүүк группт ирсэн иргэдийн санал, гомдлын шийдвэрлэлтийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагвабаатар танилцуулаа. Тус группт одоогийн байдлаар нийт 109 гомдол, санал ирснээс Аймгийн Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд 22-ыг нь тусгахаар шийдвэрлэжээ.
Аймгийн хэмжээний өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Өргөдөл гомдол, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Пэрэнлэймаа танилцуулсан бөгөөд шийдвэрлэлтийн хугацаа өмнөх долоо хоногоос багассаныг онцлов.
Шуурхай хуралдааны үеэр Статистикийн хэлтсээс Аймгийн 2024 оны 10 сарын Нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс хүйтний улирлын цаг агаарын мэдээллийг хүргэлээ. Түүнчлэн Цахилгаан түгээх сүлжээ салбараас эрчим хүчний нөхцөл байдал болон хэмнэлтийн талаар мэдээлэл хийлээ. Иргэд, аж ахуйн оргил ачааллын цаг буюу 17-22 цагийн хооронд иргэдийг эрчим хүчээ хэмнэхийг уриалсан юм.