Төрийн байгууллагуудын нэгдсэн цахим хуудас www.gov.mn -д аймгийн сумд болон төрийн байгууллагуудын мэдээллийг нэгтгэлээ. Ингэснээр иргэд gov.mn цахим хуудаснаас аймгийн төрийн байгууллагуудын мэдээллийг авах боломжтой боллоо.
“Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсыг ашиглах журам”-ын төсөл болон “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр төрийн байгууллагын цахим хуудсыг нэг загвар, нэгдсэн удирдлагатай болгож, “И-Монголиа”-тай холбох нөхцөл бүрдэж байна.Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсыг ашиглах журмыг баталж, хэрэгжүүлснээр төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, тэдгээртэй холбогдох мэдээ, мэдээллийг нэг цонхоор хүргэж эхэллээ.Тодруулбал, өнгөрөгч есдүгээр сард “Төрийн байгууллагын нэгдсэн системийн туршилтын хувилбар”-ыг Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Үүнээс хойш, уг системд “Санал, хүсэлт” цонх үүсгэн, олон нийтээс санал авчээ. Мөн “Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас gov.mn сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, 16 яам, 21 аймаг, 9 дүүргийн албан хаагчдад сургалт зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангажээ.Тагнуулын ерөнхий газраар төрийн байгууллагын нэгдсэн систем (gov.mn)-д мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг хийлгэж, холбогдох зөвлөмжийн дагуу “Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсыг ашиглах журам”-ын төслийг боловсруулж, батлууллаа.
Эх сурвалж: https://mddc.gov.mn/