Япон улсын засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр 1”-ийн хүрээнд хэрэгжүүлэх, Адаацаг сумын ЕБС-ын сургууль болон дотуур байрны засварын төслийн гэрээнд Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минори, Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нар албаны хүмүүсийг байлцуулан гарын үсэг зурлаа. Төслийн санхүүжилтээр Адаацаг сумын Сургууль болон дотуур байрыг 130,306,538 төгрөгийн санхүүжилтээр засварлах юм. Төслийн гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Алтан Бат Өрлөг “ ХХК шалгарсан бөгөөд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ болон Адаацаг сумын Сургуулийн захирал Ж.Энхтуул нартай гурвалсан гэрээ байгууллаа. Тус засварын ажил 3 сард эхлэх бөгөөд төсөл хэрэгжих хугацаанд сум орон нутагт 20 хүртэл түр ажлын байр бий болох юм.Дундговь аймгийн тухайд 1996 онд уг төсөл анх Дэлгэрхангай сумын сургуульд хэрэгжиж эхэлснээр өнөөдөр ийнхүү 14 дэхь удаагийн төслөө хэрэгжүүлэхээр гэрээ байгууллаа. Гэрээ байгуулах ёслолын үеэр Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Элчин, зөвлөх Кикүчи Минори хоёр улсын харилцаа өндөр түвшинд байж бидний хамтын ажиллагааг орон нутагт хүргэж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ төслийн багийнханд бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачуудад сурч, хүмүүжих ая тухтай орчин бүрдүүлж өгөхөөр дэмжиж байгаад талархал илэрхийллээ. Дашрамд дурьдахад Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн төслийг Япон улсын засгийн газраас 1990 оноос эхлэн хэрэгжүүлснээс хойш өнөөг хүртэл нийт 515 төслийг Монголд улсад хэрэгжүүлжээ.