Дундговь аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар өнгөрсөн жил мэргэжлийн ангилагч, шинжээчтэй хамтран 15 сумдын 5 төрлийн малын ашиг шимийн дундажийг тогтоож, Нутгийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон тэсвэр хатуужил сайтай нутгийн мал болох Өндөршил сумын шил адуу, Сайнцагаан сумын Сайнцагаан хонь, Хулд сумын олдохын хүрэн бор тэмээнээс генетикийн шинжилгээ авч сорилын биологийн хүрээлэнтэй хамтран ОХУ-ын генетикийн төв лабораторт шинжилгээ хийлгэн бусад омог үүлдэр малаас ялгаатай болохыг тогтоож цаашид омог, үүлдэр болох боломжтойг нотлуулсан. Тэгвэл өнөөдөр ХХАА-н яам, Шинжлэх ухааны төв байгууллагууд, улсын зөвлөх мал зүйчидтэй хамтран ажиллах санамж бичигт аймаг сумдын засаг дарга нар болон холбогдох албаны хүмүүс гарын үсэг зурлаа. Ингэснээр цаашид судалгаа шинжилгээг илүү үр дүнтэйгээр хийж мэргэжилтэнгүүдийн үнэлэлт дүгнэлтүүдийг гаргуулснаар энэ ондоо багтан Сайнцагаан хонины омог тогтоох ажил хууль эрхзүйн хүрээнд баталгаажих эхлэл тавигдаж байна. Дундговийн мал ашиг шим өндөр, чанартай хэмээн яригддаг ч шинжлэх ухааны үндэстэйгээр өмнө нь тогтоож байгаагүй. Бэлчээрийн мал аж ахуйд суурилсан эдийн засагтай аймгийн хувьд шилмэл омог үүлдрийн сүрэгтэй болно гэдэг тун чухал юм. Тиймээс ч генетик тогтоцтой малаа омог үүлдэр болгох төлөвлөгөө баталж, хөрөнгө хүч гарган ажилласан нь үр дүнгээ өгч энэ онд багтан Сайнцагаан сумын “Сайнцагаан” хонийг омог болгон тогтоохоор зорилт тавин ажиллаж байна. Харин Өндөршил сумын шил адуу, Хулд сумын олдохын хүрэн бор тэмээний омог тогтоох судалгаа шинжилгээний ажилууд үргэлжлэн хийгдэх юм.