Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн, соён гэгээрүүлэгч Их бандида , Шагдарын Дамдин буюу Заваа Дамдин Лувсандаяан ламын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “АЛТАН ДЭВТЭР” Олон улсын эрдэм шинжилгээний хурал болон Дэлгэрийн Чойрын хийдийн шинэ сүмийн бат оршил өргөх тэргүүтэй номын баяр хуримын үйл ажиллагаа Чойрын хийдэд өнөөдөр эхэллээ.
Аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар нээлтийн ёслолд баярын мэндчилгээ дэвшүүлж, Засаг дарга О.Бат-Эрдэнэ Зава Дамдин Осгонбаяр Ринбүчид аймгийн Хүндэт тэмдэг гардууллаа.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр шинэ сүмийн нээлтийн ёслол болж ”Алтан дэвтэр” судрыг Бадрангуй цагаан өргөөнд залж тус сударт зориулсан айлдвар илтгэлийг гадаад болон дотоодын эрдэмтэд илтгэн хэлэлцэж байна. Тус хурал маргааш Дагинасын бат оршил өргөх ёслол, Зава Дамдин Ринбүчид сүсэгтэн олон бараалхах болон дэлгэрэнгүй Жинсрэг цутгах ёслол, Гэрлийн ёслолын чуулбараар үргэлжилнэ.