Ардын хувьсгалын 96, Аймаг байгуулагдсаны 76, Их номч бандида Зава дамдины мэлмий гийсний 150 жилийн “ Алтан дэвтэр “ баяр наадмын нээлт боллоо. Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ наадамчин олондоо дэвшүүлсэн мэндчилгээ
Эрхэм хүндэт наадамчид аа
Эрхэм хүндэт зочид гийчид ээ
Та бүхэндээ Монгол мэргэдийн оройн чимэг эрдэмтэн гавж Зава Дамдины түмэн өлзий гийсний зуун тавин жилийн ой, Говийн бүсийн хурдан морины уралдаан болон Дундговь аймаг байгуулагдсаны далан зургаан жилийн ойн баяр наадмын мэндийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Хуур дууны өөжин, хурд хүлгийн өлгий болсон мандалын цэнхэр говьд минь тэнгэр хурмаст, байгаль дэлхий ээлээ хайрлаж хур борооны шим хөрст газрыг хээлэн цэцэглэж, малын зоо, хүний сэтгэл тэнийсэн өргөн дэлгэр зун болж байна.
Дэнж хотосыг нь цэцэгс хээлсэн, дэгдэх агаарт нь хөхөмдөг униар, ногооны суунаг татсан дэлгэр зуны энэ сайхан өдрүүдэд аймгийн баяр наадам маань тохиож байгаа нь нутгийн зон олон та бүгдийн минь буян заяа биз ээ.
Дээдийн номын эш онолыг илт туулж, бурханы шашинт улс үндэстнүүдийн дундаа Зава гавж нэрээрээ алдаршин гийсэн Шагдарын Дамдины зуун тавин жилийн ой, Дундговь аймаг байгуулагдсаны түүхт далан зургаан жилийн ойн баяр наадмаар нутаг усныхаа нэр алдрыг улс даяар болон тив дэлхийд цуурайтуулж төрийн дээд шагнал Монгол улсын гавъяат цолоор шагнуулсан урлаг соёл, спортын алдартнууд, шинжлэх ухааны эрдэмтэн мэргэд, хөдөлмөр бүтээлийн сайчууд бидний дундаас олон арваараа төрөн гарсан нь баяр дээр баяр нэмсэн бас нэгэн сайхан үйл болсон билээ.
Монгол наадмын хүндэт хоймроос бидний өнгөрснийг бүтээж өнөөдөрт хүргэсэн ахмад настан азай буурлууд, өнөөдрийн түүхийг бичилцэж яваа идэр залуу үе, ирээдүйн хөгжлийг цогцлоох хүүхэд багачууд гээд энэ нутгийн ажилч ард түмний нөр их хичээнгүй хөдөлмөрийн үрээр эдийн засаг болон нийгмийн бүхий л салбарт тодорхой өөрчлөлт, ахиц дэвшил гарсныг тэмдэглэн хэлэхэд бахархалтай байна. Түүнчлэн Дундговьчууд бид эрүүл аюулгүй амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн олон арван хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн, хөгжлийн түүчээ болсон бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн, олон ажлыг өрнүүлсэн амжилт бүтээлээр баяр наадмаа угтаж байгаадаа баяртай байна.
Засаг дарга миний бие Номын их хүн зава гавжийн ой, аймгийнхаа баяр наадмыг шинэ асрынхаа хоймороос нээж байгаадаа туйлын их баяртай байна аа. Нар хур тэгширсэн дэлгэр зуны энэ сайхан өдрүүдэд болж байгаа баяр наадмаараа хүн бүр сэтгэл цэнгэн баясч, айл бүхний гал голомт ашид ариунаар бадран гийж, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж, тэнүүн дэлгэр говь нутагтаа тэгш жаргалангаар халгин суухын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.
Дундговь аймаг байгуулагдсаны далан зургаан жилийн ойн эрдэмтэн гавж Зава Дамдины мэлмий гийсний зуун тавин жилийн ой, Говийн бүсийн их хурд баяр наадам ийнхүү ёслол төгөлдөр эхэлж байгааг та бүхэнд тунхаглан сонордуулж байна.
Уртын дууны уран торгон шуранхайнд элэн халин дэвэх хүчит бөхчүүд нь бяртай, уянгат гийнгоон дуунд чих хайчлан сортоолох хүлэг морьд нь хурдан, уухайн дуунаар хөвчит нумыг эвшээлгэн харвах хараавчид нь мэргэн байж хотол даяараа сайхан наадаарай.
Өргөн олон та бүхэнд, өөжин шаргал говь нутагт минь өлзий хутаг орших болтугай