Зам тээврийн яам, зам тээврийн хөгжлийн төвөөс ажлын хэсэг ирж ЦГ, МХГ, Авто тээврийн төвтэй хамтран УБ-Мандалговь чиглэлийн 103км, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 156км улсын чанартай авто замын нөхцөл байдлыг газар дээр нь үзэж шалгалаа. Уг зам засварын арчилгааг хариуцсан Ялгуусан ХХК-ны төлөөллийг байлцуулан орон нутгийн зүгээс зам арчилгаа хангалтгүй байгаа талаар асуудал дэвшүүллээ. Замд үүссэн нүхжилтээс үүдэн ард, иргэд, зорчигчид амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох асуудал ихээхэн гарч байгааг орон нутгийн холбогдох албаны төлөөллүүд мэдээллэв. Замын нөхцөл байдал хүндэрч осол аваар гарах нөхцөл шалтгаан болж байгааг дурьдан хамтран ажиллах, зам засварын ажлаа гүйцэтгэх албан бичиг, мэдэгдлийг гүйцэтгэгч Ялгуусан ХХК-д аймгийн зүгээс хэд хэдэн удаа явуулсан хэдий ч ямар нэгэн хариу ирүүлдэггүй, хамтран ажилладаггүй гэх дутагдал байгааг Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн зүгээс тавьлаа. Авто зам арчилгааны Ялгуусан ХХК –ний төлөөлөл хэлэхдээ ирсэн төсөвт багтаан Хулд сумаас Даланзадгадын чиглэлийн замыг нөхөж тайлан мэдээг Зам тээврийн яаманд хүргүүлсэн гэлээ. Ийнхүү хоёр талын санал хүсэлтийг ажлын хэсэг хүлээн авч эхний ээлжинд Мандалговь- Улаанбаатар чиглэлийн 103 км улсын чанартай авто замын эвдэрлийг ирэх 9 сард багтаан, 2-рт Мандалговь- Даланзадгадын чиглэлийн 156км авто замын засвар арчилгааг Ялгуусан ХХК-нийг өөрийн хөрөнгөөр даруй хийж гүйцэтгэхийг, мөн орон нутагтай хамтран ажиллахыг үүрэг болголоо.