Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах зорилгоор энэ удаагийн аймгийн онцгой комиссын хурлыг зохион байгууллаа. Хуралдаанд шүлхий өвчин гарсан Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан сумдын өнөөгийн нөхцөл байдлын мэдээллийг сонслоо. Гурвансайхан суманд 210 км радиус тойрогт 2,4-р багийн нутагт шүлхийн голомт үүссэн бөгөөд голомтонд 18 өрхийн 88 иргэн байгаагаас ахмад настан 6, хүүхэд 40, том хүн 42 байна. Мөн голомтонд 18 өрхийн 18079 толгой мал байгаагаас тэмээ 285, үхэр 419, хонь 8290, ямаа 9082 толгой байна. Үүнээс өвчилсөн 94 малыг усгталын цэг байгуулж устгалаа. Шүлхий өвчнөөс урьдчилэн сэргийлэх зорилгоор 08 сарын 17-ныг хүртэл 19 постонд 39 хүн, 08 сарын 17-24 хүртэл 11 постонд 23 хүн, 08 сарын 25-аас 8 постонд 7 хүн ажиллаж байна.
Өлзийт суманд 318км радиуст голомт үүссэн бөгөөд голомтонд 135 өрхийн 486 хүн, 109145 толгой мал байна. Хүн амын хувьд ахмад настан 42, жирэмсэн 4, 0-5 насны 22, ЕБС-ийн 113, Оюутан 24 байна. Өнөөдрийн байдлаар шүлхийгээр өвчилсөн 20 өрхийн 151 бог малыг акт үйлдэн устгалаа.
Сайнцагаан сумын тухайд голомтын бүсэд 4 өрхийн 4709 толгой мал байгаа бөгөөд 1101 малыг тусад нь ялгаж 4 мал устгасан байна. Малын гоц халдварт өвчний 2 голомтын хөдөлгөөнт 11 , ариутгалын 4 постонд давхардсан тоогоор 80 албан хаагч,иргэд, 17 техник / мотоцикль, пургон, суудлын авто машин / ажиллаж байгаа талаар мэдээллээ. Хэдийгээр сум тус бүр шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээ авч ажиллаж байгаа ч гэлээ малчид хорио цээрийн дэглэм сахихгүй байх, малаа хариулга малалгаагүй явуулах зэрэг дутагдал байгааг хэлсэн юм. Аймгийн онцгой комиссын зүгээс намар болж найр наадам эхлэх энэ цаг үед хөдөлгөөнт болон байнгын постын үйл ажиллагааг эрчимжүүлэх, пост хоорондын зайг ойртуулж аль болох хөдөлгөөнийг хорих, пост бүрийг мотоцикл, утастай болгож хөдөлгөөн бүрийг хянах боломжийг бүрдүүлж ажиллахыг сумдын засаг дарга нарт, багийн засаг дарга нарыг айл өрхүүдэдээ утсаар тус өвчнөөс урьдчилан сэргийлэх, ухуулах мэдээлэл өгөхийг тус тус үүрэг болголоо. Хуралдааны шийдвэрээр Онцгой комиссын дарга О.Бат-Эрдэнийн өгсөн үүрэг даалгаврын дагуу аймгийн ОБГ-ын дарга Я.Алтанхундага газар дээр нь очиж хөдөлгөөнт болон байнгын постыг нэмэгдүүлж ажиллахаар боллоо.