Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан Аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн даатгалын тасаг хамтран мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдэд чиглэл өгөх сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Тус сургалтад Нэгдсэн эмнэлгийн лабораторын эмч, лаборант нар, Эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүд болон 15 сумдын Засаг дарга, эрүүл мэндийн төвийн дарга нар, лаборант зэрэг 70 гаруй хүнийг хамруулжээ.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь шатаар дамжуулан 15-39 насныханд чиглэсэн үйл ажиллагааг хийх ажээ. Өнгөрсөн жил Дундговь аймгийн 40-65 насныханд хийсэн илрүүлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийн 12 орчим хувьд С вирус, 10 орчим хувьд В вирус илэрсэн байна. Үүнээс үзэхэд иргэдийн дунд B, C вирус байгаа тул түүнийг эрт илрүүлэх нь тус хөтөлбөрийн гол зорилго юм.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт хамрагдахын тулд иргэн Эрүүл мэндийн даатгалд зайлшгүй хамрагдсан байх шаардлагатай аж. Иймд зорилтот бүлгийнхнийг тус хөтөлбөрт хамруулахын тулд эрүүл мэндийн даатгалд идэвхтэй хамруулах зэрэг олон арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж, хариуцсан удирдлага, мэргэжилтнүүдэд чиглэл олгосон байна.