Засаг даргын А/231 дугаар захирамжаар баталсан “Архидалтгүй аймаг – Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд ард иргэдээ архидалтгүй эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, олон нийт, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Архидалтгүй аймаг – Дундговь” сурталчилгаа, мэдээллийн өдөрлөгийг Дундговь аймгийн 15 суманд зохион байгууллаа.
Тус өдөрлөгийг “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг” ТББ-тай хамтран зохион байгуулж буй бөгөөд 10 сарын 5-нд Дэлгэрцогт сумаас эхлэн, өнөөдөр буюу 26-ны өдөр Сайнцагаан суманд хаалтаа хийж байна.
Өдөрлөгийн үеэр МУСГЗ, Зохиолч яруу найрагч Ж.Цогтсугар агентлагийн удирдлагуудтай болон иргэдтэй уулзалт хийж, “Тархины нууц” илтгэлийг тавьсан юм. Тэрээр илтгэлийнхээ эхэнд танхим дүүрэн цугласан хүмүүст хандан “Өнөөдрийн миний тархины лекцэнд тархиндаа мэдлэг хийхээр хүрэлцэн ирсэн хамгийн оюунлаг иргэд та бүхэнд баяр хүргэе!” хэмээн онцоллоо. Түүнчлэн Сайнцагаан сумын ЕБС-иудын сурагчидтай уулзалт, ярилцлага зохион байгуулсан юм.
Энэхүү өдөрлөгийн хүрээнд МУСГЗ Ж.Цогтсугар болон сумдын Засаг дарга нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсанаар цаашид “Архидалтгүй аймаг – Дундговь –ийг бүтээхийн тулд гурван чиглэлээр байнгын хамтын ажиллагаа хийх боломжийг бүрдүүлж байгаа аж.