Зөвлөгөөнд бүх аймаг, нийслэл, сум, дүүрэг, тосгон, хорооны Засаг дарга болон Тамгын газрын дарга 500 гаруй хүн оролцож байна. Зөвлөгөөнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэв. Тэрээр төрийн албаны шинэчлэл, эдийн засгийн бүсчилсэн хөгжил, Үндсэн хуулийн өөрчлөлт, байгалийн баягийг иргэддээ хүртээмжтэй хүртээх, төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд сурталгүй үйлчлэх зэрэг сэдвийг хэлэлцэх энэ зөвлөгөөн улс орны хөгжлийг 20-25 жилээр харж, дотооддоо биш дэлхийд өрсөлдөх үндэс суурийг тавина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэллээ. Тэрээр улс орны эдийн засгийн өнөөгийн байдлын талаар оролцогчдод товч мэдээлэл өгөв. 2018 онд эдийн засаг 6.9 хувиар өсч, сүүлийн найман жилд төсвийн тэнцэл анх удаа ашигтай гарсныг тэмдэглэв. Гадаад валютын нөөц 3.5 тэрбум ам.долларт хүрч зээлжих зэрэглэл нэмэгдсэн, 5.7 их наяд төгрөгийн өр, зээлийг төлж барагдуулсан, малын тоо толгой, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт өссөн, гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоос хангах боломжтой болсон зэргийг дурдав.
Цаашид Засгийн газар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг хугацаанд нь, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд тодорхой үүрэг өглөө.
Эх сурвалж: Zasag.mn