Дундговь аймгийн “Facebook”-ийн “Мисс эмэгтэйчүүд” группын бүсгүйчүүд санаачлан аймгийн Засаг дарга, Боловсрол соёл, урлаг, спортын газартай хамтран байгууллага, аж ахуйн нэгжүүдийг монгол бичгээр хаягаа бичихийг дэмжин “Бүтээлч өрсөлдөөн” уралдаан зарлалаа.
Монгол улсын Ерөнхийлөгчийн 46 дугаар зарлиг, Монгол бичгийн үндэсний хөтөлбөр, Үндэсний бичиг аймгийн хөтөлбөр батлагдан гарсаар нэлээд хэдэн жилийг ардаа орхисон хэдий ч төдийлөн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Тус аймаг дэд хөтөлбөртөө “Монгол бичгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санаачилгатай, бүтээлч аймаг болно” хэмээн зорилтоо тодорхойлсон байдаг. Одоогоор аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мандал сургууль гээд цөөхөн байгууллага хаягаа монгол бичгээр хийж, байрлуулсан байдаг.
Цахимаар үйл ажиллагаагаа нэгтгэн, бүтээлчээр хамтран ажиллаж чаддаг дээрх эмэгтэйчүүдийн санаачилсан хаягжуулах уралдаан нь Монгол Улсын Үндэсний хөтөлбөр, Үндэсний бичиг аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой үйл ажиллагаа болох юм.
Аймаг орон нутагтаа өнгө үзэмж нэмж эх болсон монгол бичгээрээ стандартын дагуу хаягаа бичин байршуулж, хамгийн бүтээлч ажилласан байгууллага хамт олныг нэг сая төгрөгийн мөнгөн урамшууллаар шагнах ажээ.