Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу ISO9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоог Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт хэрэгжүүлэхээр, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Зөвлөх байгууллага Юнайтед Менежмент Консалтинг ХХК, дэмжин хамтран ажиллагч Мерит төсөл өнөөдөр хамтын ажиллагааны гурвалсан гэрээ байгуулан нээлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Арга хэмжээнд Канадын Мерит төслийн захирал Женнифер Адамс, хүний нөөцийн зөвлөх Рибека Чалмерс, Юнайтед Менежмент Консалтинг ХХК-ны гүйцэтгэх захирал Д.Ерөө зөвлөх, тэргүүлэх аудитор Б. Гэрэл, аймгийн ЗДТГ-ын нийт албан хаагчид, хэлтэс, газар, агентлагийн удирдлагууд, сумдын ИТХ-ын нарийн бичиг, Тамгын газрын дарга нар оролцсон байна.
Уг үйл ажиллагааг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нээж:
Иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, төрийн байгууллагын үйлчилгээг улам өргөжүүлэн хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлэх гол арга хэлбэрийн нэг нь чанарын удирдлагын тогтолцоо юм.
Чанарын Удирдлагын Тогтолцоог хэрэгжүүлснээр:
- Харилцагчийн үйлчилгээ, хариу арга хэмжээ сайжрах
- Нөөцийн үр ашигтай хэрэглээ дээшлэх
- Бүтээмж сайжрах, ашигт ажиллагаа өсөх
- Өрсөлдөх чадвар, давуу тал дээшлэх
- Илүү урам зоригтой, хариуцлагатай хүний нөөц бий болох гэх мэт давуу тал байгууллагад бий болдог гэж үздэг.
Төрийн Захиргааны байгууллагад Удирдлагын менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулж, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэн байгууллагын соёлыг бий болгож, төрийн байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг тогтмол нэмэгдүүлдэг байна.
Иймд Чанарын Удирдлагын Тогтолцоог аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд та бидний хичээл зүтгэл, оролцооноос шууд хамаарах тул хүн бүр эрхэлсэн ажилдаа хариуцлагатай бүтээлчээр хандан идэвхтэй оролцож амжилт дэвшил гарган ажиллахыг хүслээ.