Аймаг орон нутгийн адуу, хонь, тэмээн сүргээс үе үеийн малчид, мэргэжлтнүүдийн олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон нутгийн шилмэл омог үүлдэрийг бий болгох асуудлыг аймгийн ХХААГ-аас санаачлан 2017 оноос эхлэн холбогдох байгууллагуудад санал тавьж судалгааны ажлыг хийснээр 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Мал аж ахуйн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Мал аж ахуйн салбарын эрдмийн Зөвлөлийн хуралдаанаар Өндөршил сумын нутгийн адууг шилмэл омог болгон батлуулах судалгааны ажлын тайланг хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжигдсэн байна.
Их эрдмийн зөвлөлийн хуралдаанд орж хэлэлцүүлснээр нутгийн адууны шилмэл омгийг эцэслэн баталгаажуулах юм. Ингэснээр "Гүр адуу" "Шил адуу" хэмээн янз бүр нэрлэгдсээр байгаа Өндөршил нутгийн адууны шилмэл омог батлагдахад ганцхан даваа үлдлээ.
Дээрх хэлэлцүүлэгт Судалгааны ажлыг гардан гүйцэтгэсэн Аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал, мал аж ахуйн мэргэжилтэн Ж.Батбилэг болон судалгааны багийнхан, Өндөршил сумын Засаг дарга Л.Мөнхбадрах нар оролцсон байна.