Дундговь аймгийн волейболын “Шарангад” клубээс уламжлал болгон зохион байгуулдаг “Дундговь сайхан нутаг” волейболын тэмцээн 3 дахь жилдээ волейболын спортын олон улсын хэмжээний мастер, Монгол улсын шилдэг дасгалжуулагч М.Гаамаагийн волейболын спортод оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлан алдаршуулж, ахмад залуу волейболчдын залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор волейболын Олон улсын хэмжээний мастер, Монгол улсын шилдэг дасгалжуулагч М.Гаамаагийн нэрэмжит болгон 4 дүгээр сарын 28-29 өдрүүдэд Дундговь аймагт зохион байгууллаа.
Тус тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газар ивээн тэтгэж, нээлтийн болон шагнал гардуулах үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ж. Мөнхчулуун Засаг даргын Тамгын газрын дарга Ц. Эрдэнэсүрэн нар оролцлоо.
“Дундговь сайхан нутаг” волейболын тэмцээнд Улаанбаатар хотын дээд Лигийн клубүүд болон аймаг орон нутгаас ирсэн 29 багийн 300 гаруй тамирчид 30 дээш, доош 4 ангиллаар амжилттай өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнд лигонер тоглогчид үе үеийн волейболын спортын мастер, олон улсын хэмжээний мастерууд оролцон уран чадварлаг тоглолтуудыг үзүүлэн ивээн тэтгэгчид, зохион байгуулагчид, волейболын спорт сонирхогчид, нутгийн иргэдэд Дундговь аймагт волейболын спорт хэрхэн хөгжиж байгааг харуулсан сайхан арга хэмжээ боллоо.