Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж байна. Тус өдрүүдэд хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгаа хийх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, арилгуулах, таслан зогсоох зорилгоор хяналт шалгалт зохион байгуулах, иргэдтэй уулзалт хийн хууль зүйн зөвлөгөө өгөх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хүний эрхийн нээлттэй өдөр” үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Мөн ажлын хүрээнд эрүүлжүүлэх, түр саатуулах байр, холбогдох зарим байгууллагад хяналт шалгалтыг хийх аж. "Хүний эрхийн нээлттэй өдөр"-ийн үеэр Дундговь аймгийн Нутгийн удирдлагын ордны 1 давхарт хууль зүйн зөвлөгөө өгөх, гомдол мэдээлэл хүлээн авч шийдвэрлэж байгаа тул нутгийн иргэд өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.