Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил болон “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран энэ сарын 20, 21-ний өдрүүдэд сум бүрт дөрвөн эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад оролцсоноор сумдын эрх зүйн хөтчүүд ард иргэдэд эрх зүйн анхан шатны дэмжлэг туслалцаа үзүүлэх, мэдлэг чадвар, дадал эзэмших боломжийг бүрдүүлж буй юм. Энэ онд нийт 16 удаагийн эрх зүйн албан бус сургалтыг зохион байгуулсан байна. Мөн сургалтад 15 сумын 60 төрийн албан хаагч оролцсон бөгөөд оролцогчдод гэрчилгээ гардуулжээ.
Тус сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн эрхлэгч А.Түвшинтулга, Хуульчдын холбооны гишүүн хуульч, хууль зүйн доктор Б.Гүнбилэг, Хувь хүний хөгжлийн институтийн захирал, сэтгэл зүйч М.Алтанцэцэг, Удирдлагын академийн багш, хууль зүйн доктор А.Алтанзул, Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн Б.Эрдэнэбилэг нар явуулсан юм.