Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны чиглэлүүд, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн ДЭМБ-аас “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд Мобайл болон мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, урвалж оношилуур зэрэг 30 гаруй тоног төхөөрөмжийг Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар болон Адаацаг суманд тус тус гардуулав.
Ингэснээр Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хүн амын ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулах, “Хүн төвтэй цогц эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”-г ялангуяа, алслагдсан, төв, орон нутгийн эмзэг бүлгийн хүн амд гэрийн эргэлттэй хосолсон явуулын хэлбэрээр эх, хүүхдийн эрүүл мэнд, халдварт болон халдварт бус өвчний үзлэг, эрт илрүүлгийн мобайл технологи болон хурдавчилсан оношлуур, эмнэлгийн нэн шаардлагатай бусад тоног төхөөрөмж ашиглан тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байна.
Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др Такeши Касайн, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Бат-Орших, Адаацаг сумын Засаг дарга Ж.Бат-Хөлөг, Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Адаацаг сумын Эрүүл мэндийн төвийн дарга С.Отгонбаяр нар оролцлоо.
Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ цаашид ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлэх, стратегид тусгагдсан эрүүл мэндийн системийг бэхжүүлэх, Мянганы хөгжлийн зорилтуудад заасан эрүүл мэндийн түвшинд хүрэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, вакцинжуулалтаар урьдчилан сэргийлж болох өвчний хяналтыг сайжруулснаар эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах, орчны эрүүл мэндийн менежментийг сайжруулахаар дэвшүүлсэн тэргүүлэх зорилтуудыг бодлого, төлөвлөлтөндөө тусган, хэрэгжүүлж ажиллах болно гэдгээ мэдэгдэв.