Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, Монгол Улс дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар Дундговь аймагт ажиллав.
Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Л.Доржбат болон холбогдох мэргэжилтнүүд, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, ГХБХБГазар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга, мэргэжилтнүүдтэй өмнө болон одоо хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар дүгнэн ярилцаж, санал солилцсон юм.
Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч ЭВАРИСТЕ КОУАССИ КОМЛАН уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, сайн туршлагаас хуваалцаж НҮБ-ын Хүүхдийн Сангийн хэрэгжүүлж байгаа Монгол гэрийн дулаалга, халаалтын бүтээгдэхүүн ЧИП багцын технологийн шийдлийг танилцуулж Дундговь аймгийн 50 өрхөд Ус цаг уур, орчны шинжилгээний төвд жижиг оврын гадна агаарын чанар хэмжих төхөөрөмж, Сайнцагаан сумын 3, 4, 5, 6, 8 дугаар цэцэрлэгүүдэд тус бүр нь 1,8 сая төгрөгийн үнэ бүхий жижиг оврын дотор агаарын чанар хэмжих төхөөрөмжийг гардууллаа.
Мөн Монгол Улс дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч ВИНОД АХУЖА НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаануудыг танилцуулж тус байгууллагын санхүүжилтээр хийгдсэн 15 сумын залуу малчдыг чадавхжуулах сургалтад хамрагдсан малчдад сүүлийн үеийн дэвшилтэд технологи болох хонь хяргах машиныг тус бүр 1 ширхгийг гардуулав. Тус арга хэмжээний хүрээнд аймгийн удирдлагууд болон айлчлалын багийнхан цаашид зохион байгуулагдах үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдэд хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэх талаар санал солилцон, ажлын хэсэг байгуулан хамтарч ажиллахаар боллоо.