Тус төслийн багийнхан Дундговь аймагт ажиллан өмнөх онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажил болон энэ онд хийгдэж буй ажлын явц, байдалтай танилцсан юм.
Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр төслийн багийнхныг хүлээн авч уулзан аймгийн хэмжээнд хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд орон нутагт хийгдсэн бүтээн байгуулалтыг үр ашигтай ажиллуулж, ашиглалт, хамгаалалтын асуудлыг бүрэн хариуцаж ажиллах мөн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Энэ онд уг төсөлтэй хамтран Инженерийн хийцтэй худаг гаргах 224,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг Гранд холдинг ХХК гүйцэтгэж 6 суманд 7 худаг гаргаад байна.
Мөн Өвс тэжээлийн агуулахын өргөтгөлийг төслийн 50 хувийн хөрөнгө оруулалт, нийт 220,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг “Хос соёмбот өргөө” ХХК ажлын явц 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ сард дуусгахаар ажиллаж байна.
Луус сумын малчдын үйлдвэрлэлийг дэмжих Таван эрдэнэ төв шинээр барих ажилыг төслийн 50 хувийн хөрөнгө оруулалтаар, нийт 152,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын гүйцэтгэгчээр “Баян-Улаан констракшн” ХХК ажиллаж, барилгын суурийн нүх ухсан боловч цемент хомс байгаа шалтгаанаар удаашралтай явагдаж буйг дурдаад цаашид эрчимжүүлж ажиллах талаар төслийн багийнханд танилцууллаа.
Энэхүү төсөл нь 2023 он дуустал хэрэгжих юм.