Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхим, “Манлайлагч-50” хөтөлбөрийн залуус хамтран 2024 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт салбар бүрийн төлөөлөл болон Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл сурагчид оролцож, санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын фейсбүүк хуудсаар шууд дамжуулалт хийж олон нийтэд хүргэв.
Энэ сарын 4-ний өдөр хуралдах аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2024 оны төсвийг хэлэлцэн батална. Иргэд олон нийтийн нийтлэг эрх ашгийг хангах, төсвийг хүртээмжтэй хуваарилах зорилгоор өнөөдрийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, иргэдээс гарсан саналыг төсөвт тусган хэлэлцүүлэх аж.
Тус хэлэлцүүлэгт оролцсон болон шууд дамжуулалт үзэж буй иргэдээс ирсэн санал хүсэлтийг шийдвэрлэх боломжтой эсэхэд Засаг дарга хариулт өгч, Хүүхдийн төлөө сан байгуулах 100.0 сая төгрөг, Ид шидийн орон Дундговь хүүхдийн хөгжил хамгааллын төслийн зардал 365.0 сая төгрөг, шинээр баригдаж буй Хүмүүнлэг, Говийн ирээдүй сургуулийн мэдээллийн технологийн кабинетыг орчин үеийн дэвшилтэт технологиор тохижуулах 110.0 сая төгрөг, аймгийн Хүүхдийн нэгдсэн чуулганыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэн зохион байгуулах зэрэг асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн ахмадын сувилалтай болох хүсэлтийг хүлээн авч, зураг төслийг шинээр хийж ирэх жилүүдэд төсвийг суулган эхлүүлэх, аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орсонтой холбогдуулан 711.0 сая төгрөгийн урсгал зардал шийдвэрлэх талаар танилцуулсан юм.
Энэхүү хэлэлцүүлгийг АИТХ-аар төсөв хэлэлцүүлж батлуулахын өмнө зохион байгуулж байгаад иргэд талархалтай хандаж байсан бөгөөд анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог боллоо.